Thursday 18 November 2010

Импортоор оруулж ирж байгаа автомашины татварыг нэмнэ

Өнгөрсөн жилийн тооллогоор улсын хэмжээнд 216 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бөгөөд түүний 59,3 хувь нь зөвхөн нийслэлд төвлөрсөн байдаг ажээ. Эдгээр нь агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлж байгаа ажээ. Иймээс импортоор орж ирж байгаа автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр болжээ.

Импортоор оруулж ирэх шинэ автотээврийн хэрэгслийн татварыг багасгаж, хуучин автотээврийн хэрэгсэлд оногдуулах татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх юм байна. Мөн "Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас үзжээ.

Үүнд: 2000 см³-ээс дээших цилиндрийн багтаамжийг харгалзан шинэчлэн татвар нэмэгдүүлэх стандарт тогтоох, эх үүсвэрээс буюу авто тээврийн хэрэгсэлд ногдуулах албан татвараас Улсын төсөвт төвлөрсөн хөрөнгийг гэр хорооллыг барилгажуулан агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Манай улсад явж байгаа автомашиныг насжилтынх нь байдлаар авч үзвэл бүх автомашины 83,3 хувь нь долоогоос дээш жил эдлэгдсэн импортоор оруулж ирсэн автомашинууд байгаа юм байна.

Харин дөнгөж 7,3 хувь нь шинэ буюу гурван жил хүртэл ашиглагдсан автомашин байгаа ажээ.

Э.Пагма

Монголын мэдээ

No comments:

Post a Comment