Thursday 18 November 2010

Миний хүү монгол бүсгүйтэй гэрлээрэй.....

Монгол улсын заан шиг заан явсан Р.Давааням ёс төртэй, жудагтай, жинхэнэ монгол эр байж билээ. Түүний гурван сайхан хүүгийн хоёр нь аавынхаа шийрийг хатаан бөхийн эрдэмд шамдан, улс гүрэн гатласан сайн бөх болжээ. Монголчуудын хамгаас хайртай хүү Ама Бямбадорж бол аавынхаа зан төрх, бие галбир гээд бүхий л шинж чанарыг өвөлж төрсөн гэдэг. Тэрээр сайн бөхөөс гадна сайн хүү юм. Зан ааш сайтай, даруухан, зөөлөн аядуу чанараараа бусад сумочдоос ялгардаг болохоор япончууд ч их хайртай. Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд хүч үзэж буй бөхчүүдээс барилдааны ур чадвар, зан чанараараа ч олны итгэлийг даадаг бөх. Тэрээр саяхан нэгэн сайхан мэдээгээр монголчуудынхаа магнайг тэнийлгээд байгаа билээ. Ама маань гэр бүл зохиох болж, тэгэхдээ бүр монгол бүсгүйгээ сонгожээ. Өмнө нь түүнийг үлгэрлэн дагуулдаг сумоч ах нь япон бүсгүйтэй дэр нэгтгэж үндсэрхэг ард түмнийг чамгүй бухимдуулсан тул монголчууд тэр чигээрээ л "Амаг яах бол доо" гэж хүлээж чих тавин байлаа. Харумафүжи Д.Бямбадорж маань үнэхээр элэг нэгтнүүдийнхээ итгэлийг алдсангүй. Хамгийн гол нь түүний аав ухаантай хүн байсан болохоор хүүдээ нэлээд эртнээс "Миний хүү монгол бүсгүйтэй гэрлээрэй” хэмээн амьд ахуйдаа захиж байж. Ийнхүү ухаант эцгийн сайн хүү аавынхаа "алтан” захиасыг ийнхүү дааж явна. Зарим япон хүмүүс гайхаад "яагаад монгол бүсгүйтэй гэрлэх болов?" хэмээн чангаахад нь "нэгд, би хайртай, хоёрт аав минь тэгж захисан юм" гэж хэлж амыг нь тагладаг гэнэ. Тэрбээр саяхан хуримын зараа албан ёсоор тарааж арлын орны охидыг цочроосон хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Ээж Мягмарсүрэн, ах улсын начин начин Д.Лхагвадорж, аймгийн начин Баасандорж нар нь отгон хүүгийнхээ хуримын өдрийг товлохоор Япон орон руу мордлоо.

Харумафүжигийн маань хайр, анхаарлыг татсан тэр азтай бүсгүйг М.Баттуул гэх бөгөөд Монголдоо дээгүүрт тооцогддог "Шинэ монгол" ахлах сургуулийг онц дүнтэй дүүргэн тус улсад тэтгэлгээр суралцахаар явсан аж. Одоо М.Баттуул Японы "Иватэ” их сургуулийн гуравдугаар дамжаанд суралцаж байна. Тэрээр сэргэлэн, нийгмийн идэвхтэй бүсгүй учраас Гадаад оюутны холбооны дарга хэмээх албыг хашдаг юм байна. Юутай ч хоёр орны эгэл түмний хайр хүндэтгэл, итгэлийг хүлээсэн Харумафүжигийнхээ цаашдын амьдралд аз жаргал, амжилтыг хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment